
Ц.БАЯР
COVID-ийн эерэг, сөрөг талууд байна. Эерэг байдал гэвэл иргэд бохирдлоо цэгцэлж эрүүл, аюулгүй орчинд аж төрөх учиртайг ойлгож сахиж буй сайн талтай. Юу гэвэл корона нь ялгадсаар дамжин цааш халдварласан байдал гарч байсан. Үүнтэй холбоотойгоор иргэд болгоомжлох болсон. Ерөнхийдөө байгаль дэлхий глобал даяаршсан байдлаар бага бохирдох болж өөрөө ч гэсэн цэвэрших тал руугаа орж байна хэмээн өнөөдөр “Эрүүл аюулгүй амьдрах орчин ба өнөөдрийн нөхцөл байдал” сэдвээр Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ын гишүүн, хөрс судлалын эрдэмтэн судлаачид сэтгүүлчдэд мэдээллээ.Түүнчлэн Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлын үндсэн гол эх үүсвэр нь хотын хүн амын 60 хувь нь оршин сууж буй гэр хорооллын хог хаягдал, шингэн бохироос үүдэлтэй байна. Энэ нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэж МБОИЗ-ийн тэргүүн, доктор Б.Эрдэнэ онцолж байв. ШУТИС-ийн доктор, Монголын "Усны түншлэл" ТББ-ын тэргүүн Д.Басандорж мөн нүхэн жорлонгоо өөрчлөх тухайд хөндсөн юм. Хог хаягдал, бохир, цэвэр усны хэрэглээ, хөрсний бохирдол зэрэг асуудлыг газар төлөвлөлтөд суулгаж цогцоор шийдэх хэрэгтэй байна. Үүнд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс болон НИТХ анхаарч хог хаягдалд шинжлэх ухааны үндэстэй хандан инновац байдлаар хүлээн авч, олон жил ярьж буй хог устган шатаан, дахин боловсруулах үйлдвэрээ бариач хэмээн уриалж байв.
Эх сурвалж: www.polit.mn