
Т.САЙХАН
ЭМЯ-наас /06.25/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.
Коронавирус-Монголд
"Зургадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа.Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа. Өнөө өглөө ОХУ-аас ирсэн 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.
Сонгууль ба коронавирус
Сонгуулийн санал хураалтын үеэр Улаанбаатар хотод 902 эмч, эмнэлгийн ажилтан иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан. Сонгуультай холбоотойгоор ямар нэг сэжигтэй асуудал гараагүй гэдгийг албаныхан хэллээ.
Дэлхийд
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 9.1 сая гаруй тохиолдол, 470 мянган нас баралт бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлжээ.
Коронавирус- АНУ-д
АНУ-д 34,300 гаруй тохиолдол, 784 нас браалт шинээр бүртгэгдэн, дэлхийн хэмжээнд халдварын тархалтын тоогоор тэргүүлжээ. Одоогоор тус улсын халдвар авсан хүний тоо 2,336,000 болсноос 121,100 гаруй хүн эндсэн гэж АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ. Халдвар тус улсын Аризона, Флорида, Техас зэрэг мужуудад өргөн хүрээнд тархсан хэвээр байна.
Коронавирус- БНХАУ-д
БНХАУ-д өчигдөр 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Түүний 14 нь дотоодын халдвар бөгөөд тав нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 13 нь Бээжинд, нэг нь Хэбэй мужид бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn