
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг шүүхээс хорих шийдвэр гаргасантай холбоотойгоор түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг аав Б.Нямтайшир нь гардаж авлаа. Энэ үеэр Х.Нямтайшир “Миний хүү Номтойбаяр УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Харамсалтай нь өөрийн биеэр үнэмлэхээ гардан авах боломж олгоогүй учраас 587 дугаар дугаартай нэр дэвшигчийн үнэмлэхийг нь би гардан авлаа. Хүний эрхийг зөрчиж нэр дэвшигчийн тогтоолоо гардан авсны дараа цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Харамсалтай нь ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос өрсөлдөх болж байна. Энэ нь зөвхөн түүний эрх чөлөөг боймлоод зогсохгүй Хан-Уул дүүргийн 120 гаруй мянга иргэний сонгох эрхэд халдаж байгаа үйлдэл болж байна. Эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож, түүнийг хэрэгжүүлдэг гажуудал монголын нийгэмд тогтсон байна. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй, байх ч ёсгүй. Шүүх засаглал нь бие даасан хараат бус, ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсад үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэн төрхийг нь шударгаар илчилсэн иргэнээ, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнээ барьдаг хорьдог, ял өгдөг жишиг нэгэнт тогтжээ. Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдгийг монголын ард түмэн мэднэ. Энэ хэлмэгдүүлэлт 20-р зуунтай дуусгавар болсон гэж бодож байсан. Гэтэл шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм байна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардан авсан учраас Рэнцэнхорол шүүгч шийдвэрээ эргэн харна гэж бодож байна. Хэрэв улс төрийн зорилгоор суллахгүй бол би эцэг хүний хувьд түүний дуу хоолой болж сонгуулийн компанит ажилд нь идэвхийлэн оролцоно" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn