
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан нам, нэр дэвшигчид ээлжит сонгуулийн үеэр хэрхэн ажиллах журмыг дахин сануулж байна.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших батламжаа өнөөдөр /2020.06.02/ гардан авлаа. Ингэснээр, ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. УИХ-ын сонгуульд нийт 14 нам, эвсэл оролцож байна. Нийт 639 нэр дэвшигч өрсөлдөхөөс 121 нь бие даагч байна.
Мөн өнөөдрийн 00.00 цагаас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, сонгуулийн кампанит ажил энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн парламентын сонгууль дэлхийг хамарсан Covid-19 цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас “УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Уг журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгсөн. Үүнээс гадна сонгуульд нэр дэвшигчид цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулах боломжгүй бол уулзалтыг хоёр цагаас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метр байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барихгүй, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна гэсэн зөвлөмжийг мөрдөхөөр тусгасан юм.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах тохиолдолд биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ёстой гэдгийг дахин ануулж байна.
Эх сурвалж: www.polit.mn