өдөр
шөнө
×

Э.Азжаргал: “Бизнесийн эко систем, ОРЧИНОО ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ цагт БИД ХӨГЖИХ боломжгүй

Үндэсний соёл урлаг, өв уламжлалаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүндээ шингээж, Монгол улсаа дэлхийд сурталчилах зорилго бүхий “Маяара” брэнд хэрэглэгчиддээ хүрээд багагүй хугацааг өнгөрчээ. "Тогтвортой хөгжлийг Монголдоо" уриатай www.Mongoldoo.mn сайт эх орондоо бүтээж буй залуусын оролцоог, тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, Монголдоо бүтээж амжилттай яваа хүмүүсийг олон нийтэд сурталчилан танилцуулах зорилготой юм. Энэ удаад бид “Маяара трейд” ХХК-ний захирал Э.Азжаргалыг “Монголдоо бүтээе” булангынхаа зочиноор урьж ярилцлаа.

 

"Маяара” брэнд анх үүсгэн байгуулагдсаны дараахан хоёулаа уулзсан. Тухайн үед сурагчийн цүнх, баллуур зэрэг цөөхөн бүтээгдэхүүнтэй байсан. Харин өнөөдөр маш олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлсэн байгааг харж байна?

          “Маяара” брэндээ 2018 оны дөрөвдүгээр сард анх үүсгэн байгуулсан. Анх бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлээд, зах зээлд гаргатал хэрэглэгчийн хүсэл, сонирхол миний бодсоноос өөр байсан л даа. Тиймээс бизнесийн үйл ажиллагаа, болон хувь хүний хувьд ертөнцийг үзэх үзэл маань нэлээдгүй өөрчлөгдсөн. Энэ хугацаанд хэрэглэгчийнхээ эрэлт, хэрэгцээг танин мэдэж  брэндийнхээ бүтээгдэхүүнийг олон төрлөөр гаргадаг боллоо.  Ер нь бизнес жижиг байхдаа жижиг асуудалтай, томрох тусам том асуудалтай болдог юм байна. Бизнест тогтвортой хөгжлөөс эхлээд, салбарын хөгжил яригдана. Нэг ёсондоо бизнесийн эко систем буюу, хүрээлэн буй орчин хөгжөөгүй тохиолдолд би өөрөө хөгжих боломжгүй, бизнес маань ч томрох  боломжгүй юм байна. Тэгэхээр яалт ч үгүй салбарын хөгжил рүү орж, ганцаараа гэхээсээ илүүтэй, олуулаа нийлээд бизнесийн орчиноо сайжруулах ёстойг ойлгосон.

 

       

         Таныг өнөөгийн байр сууринд хүргэсэн гол давуу талаа юу гэж хардаг вэ?

                Бизнес хийгээд явж байгаа хүн хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай байх, шантрахгүй байх нь маш чухал юм билээ. Маш олон асуудал бэрхшээлүүд гарна. Тэр цохилт болгонд шантрахгүйгээр тууштай, сэтгэлийн хаттай байх хамгийн чухал. Миний хувьд анхнаасаа эхлүүлсэн зорилго маань үндэсний өв соёл, түүхээ сурталчилан таниулах зорилготой брэндээ үүсгэн байгуулсан болохоор, эхлүүлсэн ажлаасаа урам зориг таашаал авдаг. Өөрийн мөн чанар үнэт зүйлээ, эндээс олж авсан гэхэд болно. Өнөөдрийг хүртэл гаргаж байгаа амжилтаа мөнгөн дүнгээр хэмжихийн аргагүй. Мэдээж хөнгөн үйлдвэрлэлийн салбарт бизнес хийгээд тэрбумтан болно гэдэг хэцүү. Миний хувьд олж байгаа ашиг уул уурхай, газар тариалан барилгын салбар  зэрэг уламжлалт бизнесүүдтэй харьцуулашгүй. Тиймээс өөрийн гаргаж байгаа амжилтаа мөнгөн дүнгээр хэмжихийг зорьдоггүй. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүй, өргөжүүлээд, үргэлжлүүлээд явж байгаадаа би хувьдаа сэтгэл хангалуун байдаг.

 

             МОНГОЛДОО ИРЭЭД, СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ РҮҮ ОРСОН

 

             Монголоо сурталчилах зорилготой гэлээ. Анхны санаа хэрхэн төрж байв?

       АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр, 2017 онд 21 хоног АНУ-д суралцах боломж гарсан. Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнес эрхлэлтийг дэмждэг ТББ ажиллуулдаг зэрэг нийгмийн идэвхитэй байдал маань энэ тэтгэлэгт хамрагдахад гол түлхэц болсон юм байна лээ. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, ЖДҮ-ийг хэрхэн хөгжүүлж  байгааг харуулах зорилготой хөтөлбөр л дөө. АНУ-гийн засгийн газраас надад 25 мянга орчим доллар зарцуулсан. Синатын гишүүдтэй уулзаж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар нь орж, том том инкубаторууд, хамтын оффисуудтай танилцаад маш үр дүнтэй, их зүйлийг ойлгуулсан хөтөлбөр болсон л доо. Нийт 20 улсын залуус хамрагдсанаас Тайванийн төлөөлөгч бид хоёр Азиас оролцсон. Тухайн үед бусад орны төлөөлөгчид намайг хятад хүн үү гэж их асуудаг байсан. Монгол гэхээр мэддэггүй. Энэ нь, Монгол Улсаа тэр дундаа залуусаа төлөөлж, очсон хүний хувьд надад маш эвгүй санагдсан.

 

             

  Тэгвэл би Монголоо сурталчилдаг хүн нь байя гэсэн амбицтай ирсэн. Монголдоо ирсэний дараа, өөрийн орон сууцаа зараад, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар уруу эргэлт буцалтгүй орсон. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь, тухайн улсын ялгарал, үндэстний дархлааг илэрхийлдэг учир хамгийн чухал салбар байдаг. Монгол Улс маань дэлхийн аль ч улсаас дутахааргүй түүх соёл, уламжлалтай. Энэ ялгаралыг маань танихын тулд дэлхийн хүмүүс ирэх ёстой. Худалдан авсан зүйлээсээ таашаал авах ёстой. Тийм ч учраас археологи, уран зураг, ахуйн соёлтой холбоотой түүхийн судалгаа хийж бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн.

 

 

  “ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ ТӨРИЙН БОДЛОГООС ОРХИГДООД БАЙНА”

   “Маяара” брэнд бол жинхэнэ ЖДҮ шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авч байв уу?

         Харин зээл авсан шүү. Өмнө нь байгууллагуудын тендерийн материал бэлддэг, тендерийн сургалт өгдөг байсан туршлага маань энэ зээлийг авахад их нэмэр болсон. ЖДҮХС-аас тендерийн материалтай ижил шаардлагууд тавигддаг юм байна лээ. Тиймээс энэ зээлд хамрагдахын тулд 14 хоног төслөө бичээд, давхар МУИС-ийн сургалтад суусан. Бичиж дууссаныхаа дараа файлаа мэргэжлийн дизайнер хүмүүсээр засварлуулаад хийлгэсэн. Зүгээр нэг хар цагаан цаас өгснөөс илүү бүтээлч байхыг хичээсэн. Нэг бичиг дутуу өгөхөд л хасагддаг учир материалуудаа хэд хэдэн удаа шалгасан. ЖДҮХС-ийн төслүүдийг танилцуулж лайв хийдэг.   

Манай төсөл эхний 10-т шалгараад, 200 гаруй сая төгрөгний зээл авсан.  Харамсалтай нь энэ жилээс ЖДҮХС-ийн журам өөрчлөгдөж оёдлын салбарыг хассан байсан. Энэ нь хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд анхаарал хандуулахгүй байгаагийн илрэл л дээ.

 

   

Корона вирусын цар тахлаас шалтгаалаад жижиг дунд үйлдвэрүүдийн ихэнх нь хаалгаа барьж байна. “Маяара”-д цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ?

      Мэдээж олон асуудлууд гарч ирсэн. Гарааны бизнесүүдийн хувьд эрсдэлийн сан гэж байдаггүй. Орлогоороо зарлагаа нөхөж өнөө маргаашаа аргална шүү дээ. Тиймээс бидний хувьд “том цохилт” болсон. Цагаан сараар бэлэг дурсгал, хувцасны борлуулалтаараа орлого олдог. Баяраар гол борлуулалтаа хийнэ гээд материал, түүхий эдээ худалдан аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн бизнесүүдэд асуудлууд гарч ирсэн.

Миний хувьд дэлгүүрээ Централ таурт нээхээр төлөвлөөд, гэрэлтүүлэг, шалнаас өгсүүлээд хоёр сар засвар хийсэн. Гурван жил тэнд байрлана гэж бодоод, зөвхөн засварын ажилдаа 80 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл гэрээний маргаан үүсээд, Шангрила Улаанбаатар ХХК гэрээгээ цуцалсан. Нөгөө талаас "гэрээний барьцааны төлбөр буцаан өгөхгүй, гэрээ цуцалсан талбайгаа чөлөөл" гээд түрээсийн талбайг маань бүтээгдэхүүнтэй маань лацадсан.

Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж зөвлөлдсөний үндсэнд бид шүүхэд хандсан. Үүнээс болоод цагаан сарын борлуулалт огт хийж чадаагүй. Өөр газар дэлгүүрээ нээхээр болж, засвар хийгээд орох болтол УОК-оос цар тахлын хөл хорио тогтоосон. Сая наадмаар мөн л дээл, бэлэг дурсгалын борлуулалтаа  хийж чадсангүй.

УОК-ийн шийдвэрээс шалтгаалаад, төлөвлөсний дагуу бизнес маань явахгүй байгаа учраас олон асуудлууд гарч ирж байна. Энэ олон асуудлыг “Давах л болно” гэж өөрийгөө зоригжуулаад л явж байна. Нөгөөтэйгүүр бизнесийн тэсвэртэй байдал, чадварыг маань сорьсон томоохон сорилт боллоо гэж эерэгээр харахыг хичээж байна.

         

Дэлхий нийтээрээ Ковидтай дасан зохицож амьдрахаас өөр замгүй гэдгийг тодорхойлчлоо. Тэгэхээр энэ байдал удаан үргэлжлэх байх. Төрөөс жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих тал дээр арга хэмжээ авч байна уу?

          Хүн гүйгээд  явж байсан бол түр зогсоод  жаахан амьсгаагаа дараад хүчээ нөөдөг шүү дээ. Магадгүй  тэр хугацаа нь  энэ  юм болов уу гэж би хувьдаа харж байна. Шинэ  бүтээгдэхүүн хийхээс илүү, бизнесийнхээ стратеги төлөвлөгөөг илүү  анхаарах хугацаа гарч ирж байна.

Нэг жижиг дунд үйлдвэрлэлийн цаана маш  олон өрхийн амьжиргаа явж байдаг. Үндэсний үйлдвэрлэл үнэтэй байна, муу байна  гэхийн оронд, үнэтэй байсан ч дэмжих сэтгэлгээтэй болмоор байна. Тэгж байж үйлдвэрлэл олноороо  хийгдэж дагаад чанар нь сайжирч,  үнэ нь буурна. 

Бидний хувьд борлуулалт муу, бизнес маань зогсонги байдалтай байгаа учраас  хоршоо байгуулан хамтран ажиллаж байна. Олон хүнийг цалинжуулж, тодорхой хэмжээний татвар төлөөд эдийн засгийн эргэлтийг үүсгээд явж байгаа. Гэвч хөнгөн үйлдвэрлэлийн салбар төрийн бодлогоос орхигдоод байна.

      Монголд зөвхөн хүнд үйлдвэрлэлд анхаарал хандуулдаг. Хөдөө аж ахуйн яам гэхэд л ноос, ноолуур, мал аж ахуй, газар тариалан дээр үйл ажиллагаа нь төвлөрдөг.  Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед “Төрийн худалдан авалт буюу тендерээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” журам нь батлагдсан. Энэ журмыг үндэслээд бид бодлогын зөвлөл байгуулж хөнгөн үйлдвэрлэлээ төрийн худалдан авалтад оруулах, чадавхижуулах зорилготой нэгдэн ажиллаж байна.

Хууль эрх зүйн орчин дээр санал хүсэлтээ оруулахгүй бол үндэсний үйлдвэрлэгчид НӨАТ-ын дарамтанд ихээр орж байгаа. Хамгийн чухал нь хөнгөн үйлдвэрийн салбар маань  нэгдэх ёстой юм байна гэдгийг  ойлгосон. Бид болохгүй байна гээд суугаад байж болохгүй. Дараа нь бидэнд тохирохгүй хүсээгүй хууль журмыг батлуулахгүйн тулд анхнаасаа манлайлал үүсгээд оролцоотой байя гэж зорьсон.

 

 

"МИНИЙ ЭРХ АШИГ ГЭХЭЭС ИЛҮҮ, БИДНИЙ ЭРХ АШИГ ГЭЖ БОДДОГ БОЛСОН"

 

Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг гол асуудал юу байна вэ?

Монголд үйлдвэрлэсэн гэсэн сертификаттай болмоор байна. Хэн дуртай нь хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг зах зээлд хэт олноор нь оруулж байгаад би хувьдаа эмзэглэдэг. Чи боддоо нэг ч оёдлын машингүй компани урд хөршид их хэмжээгээр алчуур үйлдвэрлүүлээд үндэсний үйлдвэрлэл гээд л явж байна.

Аливаа зүйлийн тоо толгой хэт олшироод ирэхээрээ үнэ цэнээ алддаг. Нөгөөтэйгүүр хэн гэдэг зураачийн ямар утга агуулгатай нь үл  мэдэгдэх уран бүтээлийг, монгол соёл гэж эндүүрэх.  Тамхи зуусан хөхөө  гаргасан хүүхний  зурагтай цүнхийг Хятдад 1000  ширхэгээр хийлгээд Монголд үйлдвэрлэв гэдэг нь өөрөө асуудал.

Үндэсний үйлдвэрлэлийг үнэ цэнэгүй болгож байна. Агуулга мөн чанрыг үнэ цэнэгүй болгож байна. Уран зураг зураачийг үнэ  цэнэгүй болгохоос гадна үндэсний соёлыг  уландаа  гишгэж байгаа асуудал. Монгол  эмэгтэй хүн гэхээр яахаараа хөхөө гаргаад  тамхи зуусан байх ёстой юм. Энэ нь өөрөө соёлыг суралчилах  биш. Үнэ цэнийг нь унагасан доромжлол юм л даа. Үүнийг ялгаж салгах хэрэглэгчид хөгжөөгүй байна. Энэ ялгааг хэрэглэгчид маань олж харж бүтээгдэхүүнээ сонгодог болмоор байна. Нэг ёсондоо хэрэглэгчдээ бэлдээгүй зах зээл дээр бид бизнесээ хийж байна. Нөгөө талдаа Монголын томоохон дэлгүүрүүд борлуулалтын 30-40 хувийг авч байгаа явдал үнэхээр шударга биш. Борлуулалт хийж байгаа хүн, үйлдвэрлэж байгаа хүнээсээ ч  илүү ашиг олдог зах зээл дээр бид хэрхэн амьд үлдэх вэ.

Ажиллах хүчин, түүхий эд, түрээсийн байр гээд шаардлагатай бүгдэд хөрөнгөө зарцуулна. Дээр нь борлуулалтын 30-40 хувийг бусдад өгнө. Ийм байхад үндэсний үйлдвэрлэл үнэтэй байхаас ч аргагүй шүү дээ. Энэ бол буруу тогтолцоо. Хөнгөн үйлдвэрийн салбар Монголд хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийн хоршооноос дэлгүүрээ нээгээд, өөрсдөө борлуулалт, маркетингаа зохицуулаад тодорхой шийдэлд хүрээд, ажиллаж байна.

Биднийг Монголын хамгийн анхны  үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдэл гэж хэлж болно. Манай дэлгүүрт үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй  компанийн 1000 гаруй бүтээгдэхүүн бий. Цаашдаа үндэсний  хөгжлийн хөтөлбөр боловсруулаад, кластер  гаргаад  бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ нэгдмэл оролцоотой болно. Байгууллагын  захиалга болон үндэсний хэмжээний баяруудад дундаасаа бүтээгдэхүүн гаргаад бэлгийн багц  хийдэг болно.

Тоног төхөөрөмж нь дундаа байна. Бид өөрсдийгөө өрсөлдөгч гэж харахгүйгээр бие биенээ хөгжүүлье, нэгдэл болоод хамтдаа хөгжихийг гол зорилгоо болгосон. Миний эрх ашиг гэхээсээ илүү  бидний  эрх ашиг гэдэг болсон. Бидний  зорилго томроод түүнийгээ дагаад  зардал маань ч буурч байна.

 

 Цаашдаа юу юу хийхээр зорьж байна вэ?

    Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтын үйлдвэрлэл гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Монголын хамгийн анхны хамтын үйлдвэр хамтарсан эдийн засаг, хамтарсан нэмүү өртөгийн сүлжээг бүтээхээр ажиллаж байна. Оёмол бүтээгдэхүүн, хувцасны зах зээлд гарааны бизнес эхлэх гэж байгаа залуучуудад эхлэлтийн хөрөнгө маш чухал. Тиймээс энэ хөрөнгийг өөрөө заавал бэлдэх бус хамтын үйлдвэр дээр очоод шийдэх, боломжийг бүрдүүлэх юм. Үүнийг байгуулахаар ажиллаж байна. 

 

Үндэсний үйлдвэр хийдэг хүмүүс ихэнхи нь эмэгтэйчүүд байна. Энэ тал дээр дэмжиж ажиллах боломж байдаг уу?

    Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эрин үед амьдарч байна. Гэтэл Монгол Улс эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр огт ажилладаггүй. Америк, Энэтхэг, Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг.

Монгол дахь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт ОУ-ын байгууллагуудын хувьд эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог дэмжин ажиллаж байгаа. Түүнээс биш төрөөс манлайлаад дэмжиж байгаа төсөл хөтөлбөртэй одоогоор танилцаагүй байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top