
Доктор, профессор Б.Энхбайгаль
Цар тахал бол зөвхөн ханиадны вирусын тухай асуудал биш юм. Зөвхөн Онцгой комисс, сангийн яамны ч асуудал биш. Энэ бол олон асуудлыг цогцоор нь шийдэхийг Засгийн газруудаас шаардаж буй сорилт. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ажлын байр, жижиг дунд бизнес, аюулгүй байдлын асуудлуудыг нэгэн зэрэг шийдэх тийм шийдэл хэрэгтэй. Бэлтгэлтэй байж чадсан Засгийн газрууд эхнээс нь цаг алдалгүй цогц арга хэмжээ хэрэгжүүлээд явж байна.
Засгийн газар, Онцгой байдлын комисс оны эхнээс зөвхөн цар тахалтайгаа л хөөцөлдлөө. 10 сар барьж чадсан нь бол амжилт. Тэгэхдээ оны эхнээс төсвөө олигтойхон танаж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд, эрсдлийн сангаа үүсгэсэн бол өнөөдөр гадаадад байгаа иргэдээ бүгдийг шахуу татаж аваад, вакцинаа авах мөнгөтэй, жижиг дунд, өрхийн амьжиргаагаа дэмжчих боломж бүрэн байлаа. Харамсалтай нь зохион байгуулалтдаа бүдэрч будилсаар яг цар тахал тархаад эхэлмэгц бэлтгэлгүйн улмаас барьц алдаж, эдийн засгаа хүндрүүлж орхилоо.
Ажлын байрыг хадгалах, эрсдэлийг бууруулах, эмзэг хэсгээ хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох арга хэмжээнүүдийг эхнээс нь төлөвлөхгүй байсаар цаг алдлаа. Хямралын үеийн төлөвлөгөө байтугай эдийн засгийн багцаа баримжаа алга.
Ассан гал бүхнийг унтраах гэж оролдох биш, асахаас өмнө сэргийлэх, гал ассан нөхцөлд авах арга хэмжээгээ бүх хувилбараарурьдчилж төлөвлөөд бэлэн байдал хангадаг. Үүнийг л системийн хандлага, системийн удирдлага гэж хэлээд байгаа юм.
Цар тахлын үеийн нөхцөл байдал жирийн үеийнхээс огт өөр. Хэвийн үеийн бүтээн байгуулалт, өсөлт хөгжлийн тухай мөрөөдлийг ийм үед ярих илүүц. Ийм үед өсөлт хөгжлийн жолоодлого биш, хямралын үеийн жолоодлого хэрэгтэй. Системийн онолоор бол катастроф үүсэх нөхцлүүдээс зай барьж, аюулгүй тойрч гарах нь анхаарлын төвд байх асуудал.
Монгол Улсын 2020 оны төсөв, 2021 оны төсвийн аль аль нь цар тахлын үеийн арга хэмжээ, зохион байгуулалт, эдийн засгаа хамгаалах бодлого зохицуулалтын алиныг ч тусгаагүй, урсгалаараа орж ирээд батлагдлаа. 2 жил төсвөө хэмнэж чадсан бол өнөөдөр эдийн засгаа амархан өөд татчих байлаа. Ядаж л саяын хоригийг хүлээж аваад улстөрийн амлалтад чиглэсэн үргүй зардлууд, хурдан ашиг өгөхгүй зураг төсөлгүй 55 төслийн эхний санхүүжилтээ багасгасан бол байдал дээрдэх байсан.
Нийт төсвийн дөнгөж 20 хувийг эзэлдэг 2.4 их наядын төрийн албан хаагчдынхаа цалингаас хасч танах тухай яриад харин 2 наядын бараа үйлчилгээний зардал, 3.5 их наядын хөрөнгө оруулалтаа огт дурьдахгүйгээр төсвөө тэр чигээр нь баталлаа. Төсөв хэмнэх болоход улс төрчдийн цавчаа, тендерүүд тэр хэвээрээ үлдэж, харин хамгийн түрүүнд ядарсан хэдэн төрийн албан хаагчдын цалин хасагдах нь, тэдний ар гэр, хүүхдүүд нь яах вэ? Хувийн хэвшил, өдрийн орлогоороо амьдардаг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдал бүр ч хамаагүй бололтой.
Төсвиийн төлөвлөлт нөгөө л хуучны арга барилаараа, салбаруудаас, төрийн байгууллагуудаасаа төсвийн санал авч нэгтгээд, гишүүдийн сонирхлыг оруулаад нэгтгэж хавтасладаг хэвээрээ байна. Сонгуулийн жил, сонгуулийн өмнөх жилд улсын төсөв дор хаяж 30 хувь өсдөг нь бараг дадал болчихсон. Ийм нөхцөлд эдийн засгийн нэгдсэн бодлогын тухай ярих ч утгагүй. Сангийн яам бол мөнгө зарцуулах, зүйрлэвэл нягтлангийн л ажил хийдэг болохоос эдийн засгийг өөд татах, хөгжүүлэх механизм биш гэдэг нь харагдаж байна.
Үнэндээ бол “цар тахалтай тэмцэж байна” гэж сэлэм эргүүлэх, янз бүрийн ой тэмдэглэх, УИХ-ын гишүүдийн тойрогтоо мөнгө татсан хүн болох сонирхлоос өөр зүйл 2021 оны төсөвт харагдсангүй. Харин ч бүр цар тахалгүй үеийн 2019 оны төсвөөс зарцуулах мөнгөө дахин өсгөсөн хувилбараар, тэгэхдээ хүүхдийн мөнгөнөөс өөр цар тахалд зориулсан төсөвгүйгээр орж ирлээ. Вакциныхаа мөнгийг төлөвлөөгүй нь наад захын жишээ. Бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, стратегитэй харьцуулбал жаахан хүүхэд шиг л харагдаад байна.
Дэлхий даяараа цар тахал, түүний сөрөг нөлөөтэй тэмцсээр бараг жил шахам болж байна. Энэ хугацаанд Засгийн газар бүх төлөвлөгөөгөө боловсруулаад, цар тахал дотоодод дэгдсэн нөхцөлд авах нийгэм эдийн засгийн арга хэмжээг аль хэдийн төлөвлөчихсөн, одоо шууд хувилбараа сонгоод ажлын байраа хадгалж, бизнесүүдээ дэмжээд эхэлчихсэн байх учиртай. Уг нь мэдэлд нь салбарын яамдууд, Шинжлэх ухааны академи, судалгааны байгууллагууд, Их сургуулиуд бүгд бий.
Онцгой комиссын дэргэд дөнгөж 2 долоо хоногийн өмнө л эрдэмтдийн зөвлөл байгууллаа. Уг нь 2020 оны 1 сараас эхэлж хийх ёстой ажил.
МХАҮТ-ийн судалгаагаар багцаалбал 150 гаруй мянгаар ажлын байр цөөрч, аж ахуйн нэгжүүдийн 40 хувь нь цалингаа өгч чадахгүй байна. Энэ хүмүүсийн ар гэр нь хоногийн хоолгүй өлсөж байгаа. Өдрийн орлогоороо амь зуудаг хувиараа бизнес эрхлэгчид орлогогүй болоод таг зогсчихсон байгаа. Цаашдаа хөл хорио үргэлжилбэл 1 сарын дотор дахин 400 мянга орчим ажлын байр байхгүй болох нь.
Уг нь ажиллаагүй биш, ажиллаад байгаа, цар тахлыг дотооддоо алдаагүй арван сар барьж чадсан нь сайн хэрэг боловч өдий хүртэл үүнээс өөр ажил хийсэнгүй. Ядахдаа гадаадад байгаа иргэдээ дулааны улиралд татаад авчихсан бол том оноо өгөх байлаа. Гадаадад байгаа 12 мянган хүн маш хүнд нөхцөлд байгаа. Хэд нь орон гэргүй болж, хэд нь хоол ундгүй байгаа бол?
Гамшигт зориулсан хандиваар л зөвхөн гамшгийг давна гэж ойлгож болохгүй. Улс төсвөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж, гамшгийн нөхцөл байдлыг давж гарах ажлаа хийх ёстой. Хүнээр жишвэл өвдсөн хүн хандив өгвөл эм авч уугаад эдгэнэ, хандив өгөхгүй бол эдгэхгүй гэдэггүй биз дээ. Ерөнхийлөгчийн хориг тавьсан гол шалтгаан энэ. Ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүд, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой төр засаг нь цар тахал бидэнд хамаагүй гээд суух уу?
Ядаж л соёлын төвүүд барихаа хойшлуулаад, урсгал зардлаа хэмнэх шийдвэр гаргаад эрсдлийн сангаа байгуулаад эхэлчихсэн бол нэг алхам болох байлаа. Сумын иргэнээс цар тахлын ийм нөхцөлд “бусад иргэдийн амь нас чухал уу, эсвэл соёлын төв чухал уу?” гэж асуувал хэн ч соёлын төвөө бариулна гээд зүтгээд байхгүй. Орон нутгаас авсан энэ саналууд чинь цар тахал гарахаас өмнө авсан санал. Одоо нөхцөл байдал өөрлөгдсөн.
Өвлийн хүйтэн, ажилгүйдэл ядуурал дээр өлсгөлөн нэрмэчих вий гэж санаа зовниж байна. Хүүхдийн мөнгө олгож байгаа ч гэсэн хүүхэдгүй айлууд, хүүхдүүд нь 18 нас хүрсэн айлууд, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжид хамрагддаггүй айлуудын орлого хумигдсан, зарим нь бүр орлогогүй ч болсон байгаа. Ямар ч судалгаа, тоо баримтгүйгээр хүүхдийн мөнгө өгч байгаагаар хаацайлж боломгүй байна. Өдрийн орлогоор амьдардаг айлууд хоолгүй, түлшгүй болж байгаа.
Цар тахал өвчин өвдсөн хүмүүсийн эрүүл мэндэд эдгэрсний дараа ч сөргөөр нөлөөлж байна. Эдийн засаг, нийгмийн харилцаанд ч бас ул мөрөө үлдээнэ. Цаашид цар тахал, нийтийг хамарсан гамшиг тохиолдвол бэлтгэлтэй байхын тулд бүхнийг хийх цаг одоо л мөн.
Хилээ тодорхой хугацаагаар хаахад бэлэн байх, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, эмийн нөөц бүрдүүлэх, гадаадад байгаа иргэдээ татаж авах бэлтгэл дутаж байна. Эрсдлийн сан байхгүй. Ерөнхийлөгч 2021 оны төсвөө хэмнээд эрсдлийн сан үүсгээч гэхэд УИХ, Засгийн газар нь чадахгүй гэлээ. Төсөвт хөрөнгө худалдаж авах, төсвийн мөнгөөр байшин барих нь иргэдийн амь наснаас илүү чухал ажээ. Эрсдлийн санг заавал бий болгож бүрдүүлэх шаардлагатай. Цар тахал хэд дахин мутацид орж, хэд дахин давалгаалахыг бид мэдэхгүй.
Ийм үед ажиллагч, ажил олгогчийн аль алиныг хамгаалах даатгалын тогтолцооны зохицуулалт алга. Насаараа төлсөн нийгмийн даатгал, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалаас гар сунгах, үгүйдээ л нийгмийн даатгалын төлөлтийг хойшлуулах зохицуулалт алга. Цагаа тулаад ирэхэд давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд даатгалын тогтолцоо маань бэлэн биш байгаа нь харагдаж байна.
Ийм нөхцөлд хүндрэл үүсвэл хөл хорио удаан хугацаагаар үргэлжилбэл иргэдийн амьд гарах арга юу байх вэ гэдгийг ч сегментчилж судлаагүй байна. Зуны улиралд бол өөр хэрэг. Өвлийн хахир хүйтэнд түлшээ авч чадахгүй айлууд олон байгаа. Гамшгийн үед зээлээр ч болтугай түлшээр хангах арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй.
Төв банк бодлогын хүүгээ буулгачихлаа. Банкууд зээл хойшлуулахаас өөр авч байгаа арга хэмжээ одоогоор байхгүй байна. Энэ зөвхөн айл өрхийн асуудал биш ээ. Салбар бүхэн байгууллага бүхэн аль болох ачаагаа үүрч, тал талаас бие биеэ дэмжих нь чухал. Банкууд зээл, хадгаламжийн хүүгийн зөрүүгээс олох ашгийнхаа ядаж 50 хувиас татгалзвал бас л нэмэр болно. Аж ахуйн нэгжүүдийн зээлийн барьцааны шаардлагыг бууруулахаас эхлээд олон арга хэмжээ авч болно. Ийм асуудлуудыг цаашид хуульчилж зохицуулсан ч болох юм.
Жижиг дунд аж ахуйн нэгжийн нуруун дээр түрээс том ачаа болж байна. Түрээст төлж байгаагийнх нь хажууд улсад төлж байгаа татвар харьцангуй бага. Түрээсийн үнийн жишиг бүсчилж тогтоох, хяналт тавих, жижиг дунд бизнес эрхлэгчийг хамгаалах, өрсөлдөөнгүй монополийг хязгаарлах ямар ч зохицуулалт алга.
Бага ангиудад 50, 60 хүүхэд нэг дор хичээллүүлэх нь цаашид боломжгүй болж байна. Нийгмийн харилцаанд зай барих, зайнаас харьцах дэг хэвээр үлдэнэ. Төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахимаар ажиллахыг дэмжихээс өөр аргагүй. Нийтийн тээврийн шинэчлэл ч бас л зайлшгүй.
Эдийн засгаа цар тахлын дараа сэргээх үйл ажиллагаа одооноос эхлэх учиртай. Цөөн хэдэн үйлдвэрээ босгочихсон бол эдийн засаг арай хурдан сэхэх байсан. 2021 оны төсөвт томхон хэдэн төслийн ТЭЗҮ, дэд бүтцээ шийдсэн бол эдийн засаг хурдан сэргэхэд нэмэр болох байлаа.
***
Цар тахалтай тэмцэнэ гэдэг бол зөвхөн тархалтыг хязгаарлаж, эмчлэхийн нэр биш юм. Цар тахлыг хумьж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ хүнсний хангамж, хүртээмжээ зохих түвшинд байлгаж, ажлын байраа хадгалж, нийгмээ бухимдал, стрест аль болох бага автуулах, жижиг дунд бизнесээ хөл дээр нь авч үлдэх, эдийн засгаа аль болох хурдан сэргээх алхмуудаа хийж эхлэх иж бүрэн цогц арга хэмжээ юм.
Төсвөө тодотгохгүйгээр цар тахлыг давж гарна гэх найдлага тун хомс. Гурван настай хүүхэд чихэр авна гээд хойш гэдийгээд савж унадаг шиг ийм төр засаг байж болохгүй. Хоёр долоо хоногийн дотор хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд, урсгал зардлаасаа хэмнэх шийдвэрийг гаргах тийм хэцүү бишсэн. Төсвөө яаж тодотгохыг харах л үлдлээ.
Тэртэй тэргүй л Сангийн яам төрийн байгууллагуудаас асуухгүйгээр зардлыг нь хасдаг шүү дээ. Ийм нөхцөлд салбарын яамдын, байгууллагуудын эрх ашиг гэж байж болохгүй. Нийт улс үндэсний эрх ашиг яригдаж байна.
Сэтгэгдэл (1)