
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Ахмадын өдрийг тохиолдуулан тус байгууллагаас тэтгэвэртээ гарч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Төр, улсдаа хүч хөдөлмөрөө өргөж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд мөр зэрэгцэн ажиллаж байсан үе үеийн ахмадуудын төлөөлөл 60 гаруй хүн төрөлх байгууллага дээрээ хүрэлцэн ирж, тэдний халааг авсан хойч үеийн мэргэжилтнүүд, хамт олонтойгоо Ахмадын баяраа тэмдэглэн бас нэгэн шинэ сайхан дурсамжийг бүтээсэн юм.
Биотехнологи инновацийн албаныхан үйл ажиллагааг нь сэргээн ажиллуулж байгаа Биобэлдмэлийн үйлдвэрээ ахмадуудад танилцуулан гарын бэлгээ гардуулсан бол Санхүү, аж ахуйн албанаас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, цай зоог барьж, азтан шалгаруулж, ая дууны мэндчилгээ өргөн барив. Азын сугалаанд настнуудад нэн хэрэгцээтэй даралтын аппарат, халуун сав зэрэг зүйлс багтсан байв.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа хүрэлцэн ирсэн зочид өөр өөрийн ажиллаж байсан алба нэгжээр орж, танил дасал болсон ажлын байр нь хэрхэн өргөжин хөгжиж байгаатай танилцан өөрсдийн арвин туршлагаа хуваалцаж, залууст сургамж зөвлөгөө өгч халуун дотно яриа хөөрөө өрнүүлсэн юм. Байгууллагын хамт олны зүгээс урилгыг хүлээн авч, хүндэтгэн ирсэн ахмад үеийнхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөж, талархал илэрхийлэв.