
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян “Эрүүл оюутан - Эерэг хандлага” уриан дор 10 дугаар сарын 1 -ээс эхлэх гэж байна. Монгол улсад 2019 - 2020 оны хичээлийн жилд 190 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 148’446 суралцагчид суралцсан байна. Эдгээр суралцагчдын хүйсийн харьцааг авч үзвэл 1:1.56 буюу 57’872 эрэгтэй, 90’574 эмэгтэй суралцагчид байна.
Дэлхийн улс орнуудын залуусын хөгжлийн төвшинг тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн 5 үзүүлэлтээр тооцон гаргадаг билээ. Эдгээрээс Монгол залуусын хувьд үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бололцоо тааруу байдгаас эрүүл мэндийн асуудал үүсэж, цаашлаад өвчин архагших, халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өрсөлдөх чадвар, амжилтад ихээхэн нөлөөлж байна.
Нөхөн үржихүйн насны идэвхтэй амьдралтай залууст бэлгийн замаар дамжих халдварууд, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлууд тулгарахаас гадна сүүлийн үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд нэмэгдэх хандлагатай байна. Нийт сэтгэцийн эмгэгийн 75% нь залуу насандаа эхэлдэг байна. Иймээс оюутан залууст амьдралын эрүүл хэв маягийг бий болгож, эрүүл зан төлөвийг суулгах нь чухал билээ.