
Доктор Б.Энхбайгальтай боловсролын асуудлаар хийсэн ярилцлагаа Та бүхэнд хүргэж байна.
Боловсролын тухай сүүлийн үед их маргаан өрнөж байна. Та ч бас боловсролын салбарт хориод жил ажилласан хүн. Одоо өрнөөд байгаа боловсролтой холбоотой асуудлуудаар таны хувийн байр суурийг сонирхож энэ ярилцлагыг хийж байна.
Юуны өмнө Кембриджийн хөтөлбөрөөр явна гээд УИХ-ын гишүүд лобби бүлэг байгууллаа. Монгол Улс өөрийн гэсэн үндэсний боловсролын бодлоготой байх ёстой юу? Аль нь зөв юм бэ?
Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Тусгаар улс бүхэн өөрийн гэсэн боловсролын бодлогоо хэрэгжүүлж, ирээдүй хойч үеээ аль болох сайн бэлтгэхийг зорьдог. Үүнээс л улс орны ирээдүй, хөгжил дэвшил хамаарна.
Бид монгол хэлтэй, монгол бичигтэй, өөрийн гэсэн соёл, ахуйтай, нэг түүхтэй, угсаа гарвал нэг ард түмэн. Төр засаг нь улсынхаа, нийт ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой. Үндэсний хэл бичиг, өв соёл, сэтгэлгээгээ бүрэн өвлөсөн, монгол орны цаг уур, орчин нөхцөлд амьдрах, монголынхоо нийгэмд ажиллаж амьдрах монгол хүнийг төлөвшүүлэх нь л гол зорилго.
Боловсрол дэлхийнх гэхээсээ илүү тухайн улс үндэстнийх. Аль ч улс орон өөртөө зориулж, өөрийнхөө нийгэмд иргэн болох хүнийг бэлтгэхэд зориулж стандартаа тодорхойлдог. Английн нийгэм өөртөө зориулж л хүнээ боловсруулдаг. АНУ, бусад улс орнууд ч мөн л адилхан. Өөр өөрсдийн эх орныг хайрлах үзлийг суулгаж, зан заншил соёл уламжлалаа өвлүүлж, өөрийн улс орны ирээдүйд хэрэгтэй иргэн бэлтгэхийг л тэд хичээж байна. Бид ч бас л монгол хүнээ л бэлтгэх ёстой.
Боловсрол гэдгийг хүн бүхэн өөр өөрөөр ойлгоод байна. Дийлэнх нь бол диплом гэж ойлгоод байх юм. Монгол хүнээ бэлтгэнэ гэхээр...?
Боловсрол гэдэг үгийг монгол утгаар нь ойлговол ХҮН өөрөө нийгэмдээ өөрийн ур ухаан, авьяас чадвар, хандлага сэтгэлгээ, төлөвшлөөр өөрийн гэсэн орон зайгаа эзлэхийг л хэлж байна. Товчхондоо бол ХҮН болох үйл явц.
Хүн төрөлхтөний шинжлэх ухааны ололт, хэл соёлоос суралцах нь зайлшгүй шаардлага. Тэгэхдээ эхлээд эх хэлээ сайн сураагүй хүн гадаад хэлийг өв тэгш эзэмших боломжгүй. Эх хэлээ бүрэн гүйцэд эзэмшсэн хүн л хоёр дахь, гурав дахь хэлийг сайтар эзэмших боломжтой. Дэлхийн иргэн гэж байхгүй гэдгийг Корона вирусын цар тахлын жишээ тод томруун харуулж байна. Эх орон ганц л бий.
Мэдээж бусад улс орнуудтай харьцуулах боловсролын нийтлэг жишиг бий. Ийм жишгээр бол боловсролын стандартад суралцагч ийм чадвар эзэмшсэн байх ёстой л гэдэг болохоос энэ хүний үзэл нь ийм байх ёстой, зан заншил нь ийм байх ёстой гэдэггүй. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн физик, математик, химийн тодорхой түвшний ойлголттой, эх хэлээрээ ярьж бичих тодорхой түвшний чадвартай байх ёстой гэсэн шаардлага л бий. Үүнийг биелүүлэхийн тулд заавал гадны хөтөлбөрийг авах шаардлагагүй. Боловсролын агуулгад олон улсын стандартаар хэмжигдэхгүй зүйл олон бий. Эх оронч үзэл, хэл соёлоороо бахархах, өв соёлоо өвлөж уламжлах, ёс хүндлэл, хариуцлагатай байх чадвар, энэрэнгүй хүнлэг сэтгэл бол боловсролын агуулгад тусах ёстой, бусад улс орны стандарттай хэмжих харьцуулах боломжгүй талууд нь.
Мэргэжилтэй хүний нөөц бэлтгэхдээ ч бас ихэнх улс орнууд зах зээлийн “үл үзэгдэх гар”-аар биш харин өөрийн гэсэн тодорхой бодлогоор, өөрийн үйлдвэржилт, хөгжлийн төлөвлөгөөтэйгээ уялдуулж мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэсэн байдаг.
Монгол хэл соёлын дархлаа суугаагүй хүүхдүүдэд шууд гадны боловсрол олгох нь хожим сөрөг үр дагаварт хүргэх юм байна. Учрыг тайлбарлавал...?
Гадны боловсролын байгууллага, боловсролын хөтөлбөрөөр дамжин орж ирэх гаж буруу үзэл, харийн шашны хориотой гаж урсгалуудын нөлөө төгсөгчдөөр нь дамжин улс төрд нь, улс орных нь соёлд нөлөөлсөн, гадны барааны зах зээл, хэрэглэгч болсон улс орнуудын жишээ цөөнгүй бий. Шашин шүтлэг, хэрэглээний сонирхлоор дамжуулж өөрийн зах зээл болгодог практик олон улсад нийтлэг ажиглагддаг.
Монгол хэл соёлын дархлаа суугаагүй, гадны брэндийн үнэтэй хэрэглээ шүтсэн, амьдралын зорилгогүй популист бэлтгэж, тэд нь хожим мөнгөөр сонгуульдан улс орны чухал шийдвэрүүдийг өөрсдийн үзэмжээр гаргаж, эх орноо, газар нутгаа худалдаж эхэлбэл юу болох вэ?
Улс орон бүр боловсролынхоо чанарыг улс орны ирээдүйг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт гэж үзэж ямар ч хамаагүй өртгөөр, өөрийн гэсэн бодлоготойгоор, гадны нөлөөнд автахгүйгээр өөрийн гэсэн онцлогтойгоор чанаржуулахыг зорьдгийн учир энэ.
Бид хаана амьдрах хүмүүсийг бэлтгэхийг зорьж байна вэ? Төгсөгчдийн хэдэн хувь нь англи, америк, хятадад ажиллаж амьдрах вэ? Багаасаа гадаадын сургуульд, гадаадад сурсан, монголоороо хоёр өгүүлбэр холбоод биччих чадваргүй хүн яаж амьдрах вэ? Монгол байгууллагад, монголчуудтайгаа хамтран ажиллаж чадахгүй байх тохиолдол олон.
Анхнаасаа англи, америк, хятадыг шүтэн биширч, агуу хэмээн ойлгож түүх, уран зохиолыг нь заалгаж, сэтгэлгээг нь сурсан ийм хүмүүсийн эх орон нь гадаад байх уу, Монгол байх уу? Хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгох хүсэл, насаараа зүтгэсэн ийм эх эцгийн хөдөлмөр нь гадаад улсад сайн иргэн бэлтгэж өгөхөд л зориулагдаж байна.
Үр хүүхдүүд нь Монголд хэзээ ч ирэхгүй, гадаадад ажиллаж амьдардаг гэр бүлүүд насны эцэст хаана амьдрахыг хүсэх бол? Тэдний өмч хөрөнгө бас хаашаа урсах бол? Авилгын мөнгөөрөө гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, банканд мөнгө байршуулах явдал ч бас л тодорхой хэмжээгээр үүнтэй холбоотой. Хүүхдүүд нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа, данс нээж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүс Монгол Улсыг эх орноо гэж үзэхгүй байгаа хэрэг.
АНУ, Их Британи, Австрали бэлтгэгдсэн, ур чадвартай ажиллах хүчийг хамгийн ихээр татан авч буй улс орнууд юм. Манайх бол ихэвчлэн гадагш алддаг. Монголоос бэлтгэгдэн гадаадад гарч буй хөдөлмөрийн насны, ажиллах чадвартай иргэнд зориулсан ясли, цэцэрлэг, 10 жилийн боловсрол, МСҮТ, дээд боловсрол эзэмшихэд нь гэр бүлээс нь болон улсаас зарцуулсан зардал, өдий насанд хүртэл нь эрүүл мэндэд нь зориулсан зардлыг бодолцоод үзвэл наад захын багцаа гарна. Энэ хүний цаашид ажиллаж амьдран улсынхаа эдийн засагт нэмэр болох, үр хүүхдээ өсгөх, хийж бүтээх боломжийг ч бас алдагдсан боломж гэж үзвэл өртөг нь хэд дахин өснө.
Дэлхий даяар буурай хөгжилтэй, хөгжиж буй орнуудад иргэдээ гадагш алдах нь ашиггүй, харин авч байгаа оронд асар их ашигтай байдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.
Бид гадны боловсролыг сайн гэж шүтэж, аль болох гадаадад сургах гэж оролдоод байх нь зөв биш гэдэгтэй санал нэг байна. Дотооддоо бид бас хувийн хэвшлийн сургууль олонтой болчихлоо. Хүүхдүүд төлбөрийн чадвараас хамаарч янз бүрийн нөхцөлд сурч байна. Та энэ тухай юу гэж бодож байна вэ?
Ард түмнийхээ төлөө оршин тогтнож байгаа улс орны төр засаг нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө л бодлого хэрэгжүүлэх учиртай. Сумын төвийн, хөдөөнөөс сумын төвд дотуур байранд ирж суугаад сурч байгаа хүүхэд, хотын төвийн сургуульд нэг ангид суудал олдохгүй шахам чихцэлдэж суугаад сурч байгаа хүүхдэд яг адилхан, хамгийн чанартай боловсролыг алагчлалгүй олгох нь төрийн хүлээсэн үүрэг.
Улсын сургуулиудын сургалтыг чанаржуулах нь тулгамдсан асуудал болчихоод байна. Хүүхдүүдийг эх эцгийнх нь хөрөнгө, орлогоор ялгаварладаг боловсролын систем байж болохгүй. Одоо бол төлбөрийн чадвараас хамаараад хүүхдүүдийн гарааны нөхцөл ялгаатай болчихоод байна.
Боловсролын салбар ашгийн төлөө байх ёстой гэдэгтэй санал нийлэхгүй. Ашгийн бус, нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж байгаа бол байж болно. Боловсрол, эрүүл мэнд ашгийн бус салбар байх ёстой. Хүний ирээдүй, амь нас, эрүүл мэнд, улс орны хувь заяагаар ашиг хонжоо хөөцөлдөж болохгүй. Хүүхдийг эх эцгийнх нь төлбөрийн чадвар, нийгэм дэх статусаар, хүүхдийн сурлагаар алагчилж болохгүй.
Улсын сургуулийн сургалтыг сайжруулах, багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх хэрэгтэй байна. Одоохондоо улсын сургуулиудад тулгарч буй бэрхшээл их бий. Тэглээ гээд дандаа ийм байна гэсэн үг биш. Үүнийг өөрчлөхийн төлөө л хариуцсан яам, байгууллагууд ажиллах ёстой. Заавал гадагш мөнгө төлөхгүйгээр сургалтаа сайжруулах боломж бий.
Төрийн албан хаагчид хүүхдээ улсын сургуульд сургадаг байхыг шаарддаг болох нь зөв юм. Энэ нь
Хүүхдийнхээ сургуулийг солих тодорхой хугацаа өгөөд, эсвэл тодорхой хугацаанд улсын сургуулийнхаа чанарыг сайжруулах зорилт тавиад төрийн албан хаагчдаас үүнийг шаардах боломж бий.
Хувийн бизнес эрхэлж байгаа хүн хүүхдээ хаана, яаж сургах нь бол тэдний өөрдсийнх нь л мэдэх хэрэг.
Харин авилгалд автсан улс төрч, төрийн албан хаагч төсвөөс авилгаар авсан тендер, концессийн мөнгөөр хүүхдүүдээ гадаадад, үнэтэй хувийн сургуульд сургаж байгаа бол орлогоо нотлохыг шаардах нь зөв. Ийм нөхцөлд тэд улсын сургуулийн зовлон бэрхшээлийг ойлгохгүй учраас улсын сургуулийн төлөө санаа зовохгүй, улсын сургуулийг бодож шийдвэр гаргахгүй. Энэ нь улсын сургуулийн чанар сулрах, багш нарын цалин нэмэгдэхгүй, багш бэлтгэх тогтолцоо сайжрахгүй байх нэг шалтгаан болж байна.
Олон улсад өрсөлдөх чадварын тухай их яриад байгаа. Манай их дээд сургуулиуд, олон улсад өрсөлдөхийн төлөө зүтгэх нь хэр зэрэг бодитой юм бол...?
Их сургуулиудыг эрэмбэлж, дэлхийн шилдэг гэж зарлахын цаана бусад улс орноос чадвартай хүмүүсийг нь татаж, өөртөө авч үлдэх, боловсролоор мөнгө олох бусад улсын бодлого ч бий, эдийн засаг нь хүчтэй учраас их сургуулиуддаа хөрөнгө оруулсны давуу тал, нэг хүнд ноогдох цалин өндөр учраас өртөг зардал өндөр байгаа нь мэдээжийн хэрэг юм. Дээгүүр эрэмбэлэгдсэн их сургуульд манайх шиг улс орноос очих оюутны тоо нэмэгддэг, дээр нь сургууль өөрийн улсаасаа илүү их татаас, тэтгэлэг авдаг.
Үнэтэйгийн хэрээр чанартай гэж ойлгох ч өрөөсгөл. Үнэ өртөг багатай, англи хэлээр ярьдаггүй учраас судалгааны өгүүллүүд нь зөвхөн өөрийн хэлээр л хэвлэгддэг, судалгаанд суурилсан сайн хөтөлбөртэй, чанартай сургалттай улс орнууд цөөнгүй бий. Бүр улсаас иргэдийнхээ сурч боловсрох бүх шатны зардлыг нь бүтэн даадаг улс орнууд ч бий.
Бусад улс орны дээд сургуульд орох болоход өрсөлдөх чадвар хэрэгтэй гэж ойлгох нь их. Их дээд сургуульд орох нь гол зорилго гэж ойлгосноос ийм туйлшрал үүдэж байна. “Төгсөгчид зарим улс орнуудад их дээд сургуульд ороход 12 жил сурсан байх шаардлагатай болоод байна” гэсээр бүрэн дунд боловсролыг 12 жилтэй болгосон. Германд, гадаадын зарим оронд сурах цөөн хэдхэн хүүхдийн төлөө Монголын бүх хүүхэд хэлмэгдсэн нь энэ. Хөдөөнөөс сумын төв, суурин газарт гэрээсээ алс хол ирж сургуульд сурах зургаахан настай хүүхдүүд, тэдний эх эцэг ямар хүнд байдалд орохыг бодож тооцсонгүй. Ядаж л 10 жилийн боловсрол олгоод сүүлийн хоёр жилд нь нэмж техник мэргэжлийн боловсрол олгосон бол монгол хүн бүр гартаа дүйтэй, амьдралаа аваад явах чадалтай болох байлаа.
Харвард төгссөн хүмүүс л илүү мундаг гэж ойлгоод байна шүү дээ. Нэг л их гадны сургуулийн нэр барьсан хүмүүс байх юм. Үнэхээр ялгаа бий юу? Боловсролын тогтолцоог өөрчлөхөд юунаас эхлэх вэ?
Өнөөдөр дэлхий дээр Харвард, Кембридж, Стэнфорд гэдэг хэдхэн сургууль, тэнд суралцахад зориулсан хөтөлбөр л байдаг аятай аяглах хүмүүс олширч байна. Харвардын магистр, магистрын л зэрэг болохоос докторын зэрэг биш. Магистрын түвшинд хаана ч ойролцоо л түвшний мэдлэг олж авна. Үндсэн агуулга ижил.
Өдийг хүртэл гадаадад доктор хамгаалсан олон хүнийг ажилд авч, хамтран ажилласны хувьд тэдний ур чадвар, ажлын үр дүнд сэтгэл хангалуун үлдээгүйгээ бас дурдая. Хамгаалсан сургууль, удирдагч нь Монголын тухай мэдээлэл муутай, болж өгвөл докторын диссертациар дамжуулан мэдээлэл авах сонирхолтой, тэндээ үлдэж ажиллахгүй учраас хамгаалсан болоод яваг гэх хандлагаар хамгаалуулсан болов уу гэмээр хүмүүс олон тааралддаг. Хаа очиж Монголдоо, Монголынхоо нөхцөл байдлыг сайн мэдэх хамгаалуулах комисс, эрдэмтдийн шалгуураар орж, хамгаалсан докторууд нь илүү санагддаг шүү.
Гадны нэр хүндтэй сургуульд доктор хамгаалсан байлаа ч, Монголынхоо төлөө зүтгэх сэтгэл зүрхгүй бол улс эх орондоо нэмэр болохгүй. Боловсрол чухал гэж ойлгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ диплом өвөртлөх, хүн болох хоёрын хооронд асар их ялгаа бийг бид олон жишээгээр харж байна.
Манай боловсролын системд байгаа үнэлгээний систем монгол хүний онцлогт тохирохгүй байна. Заавал онц авах ёстой гээд дүнгийн хойноос хөөцөлддөг хандлага бий болчихсон. Их дээд сургуулийн оюутнууд нь би 90-ээс дээш оноо авна гээд багшийнхаа хойноос хөөцөлдөж залхаадаг. Сургуулиуд нь хэтэрхий “хэрэглэгч хаан” гэж ойлгоод, төлбөр төлж байгаа гээд 90, 100 гэсэн үнэлгээ өгөөд байдаг, төгссөнийхөө дараа ажилд ормогцоо гологддог. Чанаргүй боловсрол иргэдийн цагийг үрж, хий горьдлого төрүүлж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлж байна. Үнэлгээг хүнээс хамааралгүй болгохоос эхлээд дээд боловсролын салбарт ч хийх шинэчлэл олон бий.
Монгол Улс үндэсний, өөрийн гэсэн онцлогтой боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, чанарыг нь сайжруулах нь л тулгамдсан асуудал, олон улсад өрсөлдөх нь гол зорилго биш юм. Шинжлэх ухааны хувьд ч гэсэн эхлээд өөрийн улсын нийгэм эдийн засагт нэмэр болох нь гол зорилго болохоос олон улсад өөрийгөө нотлох нь гол зорилго биш.
Боловсрол бол Улс өөрөө өөрийн гэсэн бодлогоор, нийгэм, ирээдүйдээ зориулж хүнээ бэлддэг онцгой салбар юм. Нийгмээ хөрөнгө чинээгээр ялгаж хуваасан, гарааны тэгш бус нөхцлийг дэмжиж болохгүй. Өмнөд Солонгос сая хувийн сургуулиудыг хориглолоо. Мэдээжээр улсын сургуулийн чанарыг сайжруулж чадсан учраас ийм арга хэмжээ авч байгаа биз. Боловсролынхоо асуудлыг төр нь гартаа авч байна.
Монгол үндэсний өв соёл, сэтгэлгээ, шинжлэх ухааны ололтын аль алиныг шингээсэн боловсролыг бий болгох, хүн бүрт гарааны ижил нөхцлийг олгох л чухал байна. Үндсэн хуулинд заасан хүмүүнлэг, иргэний нийгмийн утга учир үүнд л орших биз ээ.
Танд баярлалаа.
Ярилцсан Л.Цэцэгжаргал
2020 оны 8 сарын 31-ний өдөр
Сэтгэгдэл (3)