
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яам зургаадугаар сараас эхлэн Элчин сайдын яамдаар дамжуулан Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаад иргэдийн хүсэлтийг авсан. Зургадугаар сарын дунд үеэс эхлэн тусгай үүргийн нислэгт 5-10 гадаад иргэнийг багтаах боломжийг олгосноор гадаадын 183 иргэн манай улсад иржээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаадад зорчоод эргэж ирж чадахгүй хүсэлтээ өгсөн 400 гаруй хүн байна. Гадаад иргэд Монголд ирж чадахгүй байснаар гадаад багштай сургуулиуд хичээлээ заах боломжгүй болж, зарим Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, удирдлагууд нь ирж чадахгүйгээс цалингаа олгох боломжгүй болсон компаниуд байна. Иймээс УОК-ын даргаас өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрахаар болсон. Одоогоор 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр МИАТ-аас тасалбараа авсан. Эдгээр гадаад иргэд нь Монгол Улсад оршин суугаа гадаад улсуудын Элчид сайдуудын яамны ажилчид болон олон улсын компанид ажилладаг зайлшгүй шаардлагаар ирж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан МҮИС оюутны дотуур байраа ашиглуулах боломжгүй гэдгээ УОК-ын Шуурхай штабт мэдэгдсэн. Тиймээс тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалан энэ удаагийн нислэгт Монгол иргэдийг хамруулах боломжгүй. Монгол Улсаас явах гэж байгаа иргэний хувьд очих улс хилээрээ нэвтрүүлэх боломжтой бол явуулна. Энгийн болон бизнес ангилалтай хүмүүсийг гадаад орнууд нэвтрүүлэхгүй байна. Зөвхөн ногоон карттай, байнга оршин суух эрхтэй, сургалтын визтэй иргэдийг хүлээн авч байна” гэсэн юм. Манай улс ирэх сард долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэж 3120 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, Сөүл рүү гурван удаа, Франкфурт рүү хоёр удаа, Токио руу хоёр удаа, Истанбул, Сидней, Сиатл руу нэг удаа ниснэ. Мөн Хонгконг руу хоёр удаа нисч АНУ, Австрали, Зүүн өмнөд Ази, Канадаас иргэдээ татан авна. Сөүлийн чиглэлийн нислэгийн үнэ тав, зургадугаар сард 1.4 сая орчим төгрөг байсан бол одоо 1.1 сая болж буурсан байна. Өнгөрсөн 62 удаагийн нислэг болон Алтанбулаг, Замын-Үүдийн боомтуудаар ирсэн иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 19437 болсон. Үүнээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 12976 иргэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.28 БААСАН № 166 (6391)