
Дэлхийд сүүлийн 24 цагт 196 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Нийт 23.5 сая хүн халдвар авч, 812 мянган хүн нас баржээ. ОХУ-д 4752 хүн шинээр халдвар авч, 73 хүн эндсэн бол БНХАУ-д 41 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Японд 745 хүн шинээр халдвар авч, есөн хүн нас барлаа. Сөүлийн хойд хэсэгт орших Саранг Жи Ли сүм болон хотын төвд жагсаал хийсэнтэй холбоотойгоор БНСУ-д шинээр 397 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс Засгийн газраас хязгаарлалтын дэглэмийн хоёрдугаар зэрэг рүү шилжиж байгаагаа мэдэгдсэнбайна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Тухайлбал, АНУ-ын Алабама, Зүүн Каролинад танхимын сургалт эхлээд хоёр долоо хоногийн хугацаанд оюутнуудын дунд халдвар эрс нэмэгдсэн тул өвчин голомтлон гарсан сургуулиудад хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Харин томуугийн вакцины талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс томуугийн вакциныг авдаг. Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120 мянгантун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80 мянган тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжинд 200 гаруй мянган тун вакциныг ирэх сарын 15-нд авна. Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ. Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа" гэв.
Эх сурвалж:www.polit.mn