өдөр
шөнө
×

Нурсултан Назарбаевын зээ хүү Лондон дахь байрандаа амиа алдсан байдалтай олджээ

 

 

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү 29 настай Айсултан Назарбаев Лондон дахь байрандаа таалал төгссөн байдалтай олджээ. Түүний үхлийн шалтгаан зүрхний шигдээс байж болзошгүй гэж Казахстаны хэвлэлүүдээр мэдээлжээ. 

Айсултан Назарбаев бол Казахстаны анхны ерөнхийлөгчийн том охин Дарига Назарбаева болон Назарбаевын экс хүргэн, Казахстанаас Австрид суух Элчин сайдаар ажиллаж байсан Рахат Алиев нарын хүү юм. 

Тэрбээр Их Британийн Сандхерстийн Цэргийн академийг төгссөний дараа Казахстаны Батлан хамгаалах яамны Тагнуулын төв албанд томилогдож байжээ. Түүнчлэн 2017 онд Казахстаны хөлбөмбөгийн тэргүүнээр томилогдон ажиллаж байв. 

Айсултан Назарбаев төрсөн эхийгээ блон Назарбаевын гэр бүлийг улс дамжсан асар том авлигын хэрэгтэй холбоотой гэж мэдэгдээд Их Британиас улс төрийн орогнол хүссэн билээ. Лондонд амьдардаг байх хугацаандаа Айсултан хэд хэдэн удаа хар тамхины хэрэгт холбогдож, шийтгүүлж байсан юм.

Эргэн сануулахад Айсултан Назарбаевын аав Рахат Алиев 2015 онд Австрийн шоронд амиа хорлосон байдалтай олдсон билээ. Рахат Алиев 2001 он хүртэл Казахстаны хамгийн том бизнесмен, анагаах болон эдийн засгийн ухааны доктор, аюулгүй албаны хоёр дахь том хүн байсан. Назарбаевын том охин Даригагийн нөхөр байсан Алиевийг Казахстаны “Нур банкны” топ-менежерүүд Айбар Хасенов, Жолдас Тимралиев нарыг хулгайлан, тамлан хөнөөсөн хэрэгт сэжиглэн 20 жилийн ял оноосон.

Үүнээс гадна 2008 онд Казакстаны цэргийн шүүх Алиевийг төрийн эрх мэдлийг хүчээр авахыг оролдсон, олон удаагийн санхүүгийн гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж 20 жил хорих ял оноосон билээ. Ингээд Казахстаны шүүх 2008 онд Алиевт нийт 40 жилийн ялыг эчнээ оноосон. Австри улсад болж байсан шүүх ажиллагааны үеэр тэрбээр Австрийн шоронд амиа хорлосон байдалтай олдсон билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top