
С.САРУУЛ
Цар тахалын нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө. /2020.07.19/ Цар тахал дэгдсэнээс хойш өчигдөр хамгийн олон хүн буюу 254000 хүн халдвар авсныг энэ үеэр онцоллоо. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд халдвар авсан байна. Энэ нь цар тахал анх дэгдсэнээс хойш бага насны хүүхэд хамгийн олноороо халдвар авсан тохиолдол болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Учир нь коронавирусын цар тахлын эхэн болон дунд үед хүүхдүүд, ялангуяа нэг хүртэлх насны хүүхэд уг өвчний халдвар авах явдал маш бага байсан юм" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал,Афганистанаас иргэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа. Афганистанаас эх орондоо ирсэн энхийг сахиулагчдаас 53-т нь коронавирус илэрсэн байна. Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан. Тодруулбал, 26 настай коронавирусын халдвар авсан эрэгтэй 26 хоног, 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусын нийт 287 тохиолдлоос 213 нь эдгэрч эмнэлгээс гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байгаа. Үүний 62 хүний биеийн байдал хөнгөн, 12-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна. Мөн эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа” гэсэн юм. Түүнчлэн ажиглах байранд нийт 2769 хүн байгаа гэв. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд нийт 134 дуудлага ирж, иргэд зөвлөмж зөвлөгөө авчээ.Шуурхай 119 аппликэйшнд гадаад улсаас манай улсын гурван иргэн холбогдож эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.