
Б.ДОЛЖИНЖАВ
Шинэ коронавирусын тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.Тэрээр “АНУ-д өчигдөр 54 мянга 300 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн өндөр тоо юм. Ингэснээр тус улсын хэмжээнд 2 сая 679 мянган хүн халдвар авч, 128 мянган хүн нас барлаа. Халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байгаатай холбоотойгоор 23 муж улс үйлчилгээний байгууллагаа нээх шийдвэрээ хойшлуулсан.Түүнчлэн АНУ-ын муж улсууд иргэдээ олон нийтийн дунд байхдаа амны хаалт зүүхийг шаардаж эхэллээ” гэсэн юм.
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинэ тохиолдлуудын 107 нь Токио хотод бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь Токиогийн шөнийн клуб, баараар үйлчлүүлсэн 20-30 насны залуус байсан аж. Харин ОХУ-д 6 мянган хүн шинээр халдвар авч, нийт халдварын тохиолдол 661 мянгыг давж, 9,600 гаруй хүн нас барсан байна. Бразилд 48 мянган хүн шинээр халдвар авч, батлагдсан тохиолдол 1 сая 496 мянга болжээ.
Пүрэв гарагт БНСУ-д 63 тохиолдол бүртгэгдсний 52 нь дотоодын халдвар байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг төрөөс дааж байна. БНХАУ-д өчигдөр таван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол хоёр нь Бээжин хотод бүртгэгдсэн байна. Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод батлагдсан тохиолдлын тоо 331 болсон бөгөөд долоон хүн бүрэн эдгэрсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ. Манай улсын ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эмч, судлаачид Ковид-19-ийн эхний 10 тохиолдолд вирусийн ачаалал, вирус илрэлтийн хугацааг судалж, коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагддаг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: www.polit.mn